Эрдмийн зөвлөлийн дүрэм журам

Уншсан: 591

EOU

  • 2023-05-02
  • 15:06
Нэг: Нийтлэг үндэслэл
1.1. Е-Нээлттэй сургуулийн үйл ажиллагааны болон сургалт, эрдэм шинжилгээ, туршилтын ажлын үндсэн чиглэлийг тогтоож, судалгаа шинжилгээний ажлын төлөвлөлт, явц, үр дүнд хяналт тавьж, цаашдын зорилтыг тодорхойлоход энэхүү журмыг баримтална.
1.2. УБЭИС, Е-Нээлттэй сургуулийн Эрдмийн зөвлөл нь тус сургуулийн хамтын удирдлагын хэлбэр мөн бөгөөд ахисан түвшний сургалтын салбар зөвлөлтэй байна. Эдгээр зөвлөл нь багш,  оюутан, магистрын  зэрэг  хамгаалуулах,  докторын  сургалт  явуулах  ажлыг эрхэлнэ.
Хоёр: Эрдмийн зөвлөлийн бүтэц, үйл ажиллагаа
2.1. УБЭИС, Е-Нээлттэй сургуулийн Эрдмийн   зөвлөлийн   даргыг   Удирдах   зөвлөл   батламжлах бөгөөд, зөвлөл нь 15-17 хүний бүрэлдхүүнтэй байна. Эрдмийн зөвлөл нь тухайн сургуулийн болон гадны байгууллагуудын эрдэмтэн, судлаач, эрдэм шинжилгээ, сургалтын ажлын дадлага туршлагатай, улс орны ойрын болон хэтийн хөгжлийн асуудлаар судалгаа явуулдаг нэр хүнд бүхий доктор, профессор, дэд профессор цолтой эрдэмтдээс бүрдэнэ.
2.2. Эрдмийн зөвлөл нь тус сургуулийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, дотоод дүрэм, журам, сургуулийн стратегийн болон бизнес төлөвлөгөөг   батлах,   эрдмийн   цол   олгох,   эрдэм  шинжилгээ,   судалгааны   ажлын төсөл,   багш   нарыг   хөгжүүлэх   хөтөлбөр,   Эрдмийн   зөвлөлийн   тайланг   хэлэлцэн баталж, хяналт тавих зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2.3. Эрдмийн   зөвлөл   нь   оюутан,   магистрант,   докторантыг   эрдэм   судлалын
ажилд   татан   оролцуулж,   тэдэнд   эрдэм   шинжилгээний   ажлын   арга   барил
эзэмшүүлж,   суралцах   явцдаа   сургалт-эрдэм   шинжилгээний   ажлыг   хослуулан явуулах чадвар, дадал эзэмшихэд нь дэмжлэг үзүүлнэ.
2.4. Эрдмийн   зөвлөл   нь   багш,   оюутан,   магистрант,   докторантын   судалгаа шинжилгээний   ажил,  курс,   дипломын   ажлын чанар,   үр   дүнг дээшлүүлэх,   багш, оюутны   эрдэм   шинжилгээний   онол   –   практикийн   бага   хурлын   үйл   ажиллагааг тогтмолжуулж, үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр ажиллана.
2.5. Эрдмийн   зөвлөл   нь   гишүүдийнхээ   мэдээллийн   хангамжийг   сайжруулан оновчтой   зөв   шийдвэр   гаргах  нөхцлийг   бүрдүүлэх,   эрдмийн   зөвлөлийн   хурлын шийдвэрийн   хэрэгжилтэд   хяналт   тавих   механизыг   боловсронгуй   болгох,   БШУЯ болон бусад удирдах дээд байгууллагын гаргасан хууль тогтоомжийн агуулгатай уялдуулан   эрдмийн   зөвлөлийн   эрх,   үүрэг,   үйл   ажиллагааны   чиглэлийг   нарийн тодорхойлж ажиллана.
Гурав: Эрдмийн зөвлөлийн эрх, үүрэг, үйл ажиллагаа
3.1. УБЭИС, Е-Нээлттэй сургуулийн Эрдмийн   зөвлөл   нь   шаардлагатай   үед   хуралдаж   дараах журмаар үйл ажиллагаагаа явуулна.
3.1.1. Сургуулийн хүндэт доктор, хүндэт профессор цол олгох.
3.1.2. Эрдмийн   зөвлөлийн   хуралдааны   бэлтгэл   ажлыг   эрдмийн   зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга хангана.
3.1.3. Эрдмийн   зөвлөлийн   хуралд   хэлэлцэх   асуудал,   түүнд   холбогдох материалыг   хуралдаан   болохоос   3-аас   доошгүй   хоногийн   өмнө  гишүүдэд хүргүүлнэ.
3.1.4. Эрдмийн зөвлөлийн хуралдааны дэгийг зөвлөлийн гишүүдийн баталсан дотоод   журмын   дагуу   явуулж,   хэлэлцсэн   асуудлаар   тогтоол   гаргаж,   протокол хөтөлнө.
3.1.5. Эрдмийн зөвлөл нь хэлэлцсэн асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
3.1.6. Эрдмийн зөвлөлийн тогтоол, шийдвэрт зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гарын үсэг зурна.
3.1.7. Эрдмийн  зөвлөлийн хурлын шийдвэрт хяналт тавих,  зөвлөлийн албан бичиг баримтыг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах ажлыг зөвлөлийн нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.
3.1.8. Эрдмийн зөвлөлийн дарга, гишүүдэд тухайн жилийн сургуулийн төсөвт суулгасан тарифын дагуу ажилласан бодит цагт нь цагийн хөлсийг олгоно.
3.1.9. Эрдмийн   зөвлөлийн   төсвийг   сургуулийн   жил   бүрийн   төсөвт   тусган батална.
3.1.10.  Эрдмийн  зөвлөлийн  хурлыг  гишүүдийн  ирц  75  %-иас  дээш   тохиолдолд явуулна. Ирц 75 % хүрээгүй тохиолдолд хурлыг хойшлуулна.